Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эм зүйн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Монос Группийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй нэр хүндтэй арга хэмжээ болох “ЭМ ХОЛБОО-2025” спортын наадам өнөөдөр эхэллээ.
Уг тэмцээн нь 2025 оны аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт эм зүйн салбарын байгууллага, ажилтнууд спортын өрсөлдөөн, нөхөрлөлийн уур амьсгал дор нэгдэж, хамт олон, хамтын үнэт зүйлсээ бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Энэ удаагийн спортын наадамд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлийн тэмцээн өрнөхөөр төлөвлөгдсөн бөгөөд оролцогчид авьяас чадвар, хурд хүчээ сорьж, өрсөлдөөний өндөр түвшинг харуулахын зэрэгцээ салбарын хэмжээнд эв нэгдэл, нөхөрлөлийг бататган харуулах юм.
Ийнхүү Монголын эм зүйн салбарын түүхэн ой, хамтын бахархлыг спортын талбар дээр тэмдэглэж буй энэхүү арга хэмжээ нь зөвхөн тэмцээн уралдааны ач холбогдлоос гадна хамт олны уур амьсгал, салбарын хөгжилд оруулах үнэт хувь нэмрээрээ онцлог болж байна.
Эм холбоо 2025 Спортын наадам